УИХ-ыг бий болсон цагаас гишүүнээр нь тасралтгүй сонгогдож, төрийн албанд мэргэшсэн туршлагатай парламентч Д.Дэмбэрэлийг УИХ-ын найм дахь даргаар сонголоо. Тэрбээр УБХ-ын гишүүнээр бас ажиллаж байсан юм. Ингээд тооцвол Д.Дэмбэрэл гуай хууль тогтоох байгууллагын тогоонд 18 жил “чанагджээ”. Гэхдээ зүгээр ч нэг сул гишүүн, мөрөөрөө “амьтан” явсангүй. 1992-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн болон Төсвийн зарлагын хяналтын, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар тус тус ажилласан. 2007 оноос Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын албыг хашсан түүнд “ангийнхан” нь УИХ-ын даргын эрхэм албыг итгэлийн хамт хүлээлгэж өглөө.
Шинээр сонгогдсон гишүүдийг тангаргаа анх өргөхөд ИЗН-ын дарга С.Оюун гадаадад явж таарсан юм. Тэрбээр өчигдөр тангаргаа өргөж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тогтоолын төслийг чуулганы хуралдааны эхэнд батлав.
Спикерийг шинээр сонгох хуралдаанд УИХ-ын 66 гишүүн оролцохоос 60 нь ирсэн байв. Хамгийн олон суудал авсан намаас УИХ-ын даргыг сонгодог хуулийн дагуу МАХН-ын дарга С.Баяр нэр дэвшигчийг танилцуулав. “Төрийн ажлын туршлага, түвшин нуруутай мэргэшсэн парламентч, байнгын ажиллагаатай парламентад тасралтгүй таван удаа сонгогдсон Д.Дэмбэрэлийг УИХ-ын гишүүд дэмжинэ гэдэгт найдаж байна” хэмээн МАХН-ын дарга онцолсон. УИХ-ын хамгийн ахмад гишүүний хувиар Д.Дэмбэрэл гуай анхдугаар чуулганыг удирдаж байсан юм. Өөрийг нь нэр дэвшүүлж буй учир хуралдаан даргалагчийн үүргийг С.Ламбаад шилжүүлсэн. Тэрбээр гишүүд дотроо насаар шинэ спикерийн дараа орох юм билээ. Энэ жил 55 нас хүрсэн гэсэн. Харин Д.Дэмбэрэл гуай 67 настай юм.
Худалдааны эдийн засагч мэргэжилтэй, Монгол Улсын гавьяат эдийн засагч юм байна. Ам бүл зургуул. Ховд аймгийн Манхан сумын харъяат, захчин хэмээн намтарт нь дурджээ. Ингээд нэр дэвшигчид тавих асуултын салхийг З.Энхболд хагалав. Түүний асуулт нэр дэвшигчид биш дэвшүүлэгчид хандсан байлаа.
-Дэмбэрэл УИХ-ын даргын ажлыг хийгээд явах л байх. Гэхдээ хуульч биш юм. МАХН-д төлөв түвшин, хуульч хүн олон л баймаар юм.
С.Баяр:-Парламентын практикаас харахад хууль хүн ч байдаг, хууль ч бус хүн ч УИХ-ын даргаар ажилласан байдаг. Дэмбэрэл бол хамгийн олон жил парламентын гишүүнээр сонгогдсон, УИХ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн мэргэшсэн парламентч. Нэр дэвшигчийг цэвэр өрсөлдөөний журмаар гаргаж ирсэн.
Ч.Сайханбилэг: -УИХ-ын дарга болоод хамгийн түрүүнд юу хийх вэ. Үндсэн хуульд шинэчилсэн найруулга хийхэд яаж оролцох вэ. УИХ-ын бүтцийн байгууллагад олонх, цөөнхийн харьцааг хэрхэн хангах вэ?
Д.Дэмбэрэл:-Энэ УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэж батлах хууль, томоохон бодлогын асуудлаар МАХН, АН зөвшилцөж, баримт бичигт гарын үсэг зурсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд Сонгууль, нэгдсэн бүртгэлийн дэд хороо байгуулахаар болсон. Зөвшилцлийн баримт бичигт тусгагдсан асуудлуудаар ярилцаж, тэдгээрийг батлах байх.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хуулийн дагуу, буурь суурьтай хандах ёстой. УИХ-ын үйл ажиллагааг Үндсэн хуулийн хүрээнд явуулна. Парламентынхаа нэр хүндийг өргөхөд бид бүгдийн хамтын чармайлт чухал гэж үзэж байгаа.
Хариулт сонссоныхоо дараа УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг Д.Дэмбэрэл гуайд хандаж, “хамгийн ахмад гишүүн шиг төлөв түвшин, мөн хамгийн залуу гишүүн шиг эрч хүчтэй ажиллаарай” хэмээн ерөөв.
Х.Баттулга:-Эдийн засгийн өнөөгийн байдалд ямар дүгнэлт өгөх вэ?
Д.Дэмбэрэл:-Санхүүгийн боломжоо бид зөв ашиглаж,арга замаа зөв тодорхойлох ёстой. Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд эдийн засгийн томоохон өөрчлөлтийг бид хамтраад хийж чадна гэдэгт найдаж байна.
Л.Гүндалай:-Долдугаар сарын 1-ний үймээн самууны хэрэгт сэжиглэгдэн хоригдож байгаа хүмүүст Та анхаарал тавиарай. Өнгөрсөн УИХ-ын үед гшүүний эрхийг түдгэлзүүлэх асуудал хэд хэдэн удаа тавьсан. Миний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокуророос бас оруулж ирсэн. Энэ мэт асуудалд та зөв бодого барьж ажиллаарай. УИХ-ын гишүүний дархлааг бий болгох талаар цаашдаа яаж ажиллах вэ? Гишүүд маань намайг зөвөөр ойлгоорой. Би хэрэг хийгээгүй шүү.
Д.Дэмбэрэл:-Долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж буй хүмүүсийн хэргийг хуулийн дагуу шалгаж дуусгах байх. Ер нь аливаа асуудлыг улстөржүүлэхээр л завхруулчихдаг юм. Ингэхгүй байх гэж найдаж байна.
Өөрсдийн мэргэжил, чадвараа ашиглаад идэвх, санаачилгатай ажиллана гэдэгт найдаж байгаа. Таны эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэд хэдэн удаа ярьсан ч таны эрх хэвээрээ л байгаа биз дээ. Хамгийн гол нь гишүүд маань биеэ зөв авч явах ёстой шүү.
Я.Батсуурь:-МАХН, АН-ын амласан Эх орны хишиг, Эрдэнийн хувийг хэрэгжүүлэх талаар та юу хийж чадах вэ?
Д.Дэмбэрэл:-Аль алийг нь хэрэгжүүлэхээр зөвшилцлийн баримт бичигт дурдсан. Эх орны хишиг сангийн тухай хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Болж өгвөл уг хуулийг даруйхан гаргачихаад ирэх оны эхнээс хэрэгжүүлмээр байгаа юм.
Д.Одхүү:-Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гэж заасан. УИХ-ыг бүрэн бүрэлдэхүүнтэй болгохоод анхаарч ажиллаарай.
Л.Гансүх:-Эдийн засгийн байдал хүнд, инфляц бараг 40 хувьд хүрлээ. Эдийн засгийг хөгжүүлэх талаар томоохон бодлого хэрэгжүүлмээр байна. Улс оноо бүсчилэн хөгжүүлэх талаар санаачилга гаргах хэрэгтэй. УИХ-аас ажлын хэсэг ч байгуулсан болно. Энэ талаар та санаачилгатай, хувийнхаа зүгээс идэвх гаргаж ажиллаарай гэж хүсье.
Э.Бат-Үүл:-Үндсэн хуульд шинэчилсэн найруулга хийх эрх хэнд ч байхгүй. Шинэчилсэн найруулга гэдэг бол Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчилнө гэсэн үг. Ийм үйл ажиллагааг таслан зогсоох ёстой.
Дэмбэрэлийг УИХ-ын даргаар сонгохыг эсэргүүцэж байна. УИХ-ын дарга нь гишүүдээ алагчилж үздэггүй байх ёстой юм. 1998 онд шиг санаж байна. Нэг ажлын хэсгийг Дэмбэрэл ахалсан юм. Тэгэхэд энэ хүн хүнийг хэлмэгдүүлж чадах юм байна гэж ойлгосон. Дэмбэрэлийг намынхаа захиа даалгавраар УИХ-ыг удирдана гэж үзэж байгаа учраас эсэргүүцэж байна.
Л.Гантөмөр:-Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрэмтэй болох асуудал яриад л байдаг. Ажил хэрэг болдоггүй юм. Үүнийг хурдавчлахад анхаараарай. Мөн УИХ-ын чуулгантай үед гишүүдийг гадаадад явуулж баймааргүй байна.
С.Баярцогт:-Парламентын гишүүнээр тасралтгүй сонгогдож байсан хүнийг УИХ-ын даргаар сонгодог зөв жишиг тогтоож байгаад талархаж байна. МАХН-ын ажлын хэсгийг Дэмбэрэл гуайгаар ахлуулсан нь тохиолдлын зүйл биш байх. Парламентын нэр хүндийг өргөж байхын тулд хуулиа сайн мэддэг байх хэрэгтэй шүү. Нямдорж даргаас үлгэр дууриал авч ажиллаарай. Цөөнхөө сонсдог байвал завсарлага авдаг, хурал хаядаг байдал эрс багасна. Зөвшилцсөн 10 зүйлээ ажил хэрэг болгоорой гэж захъя.
Ингээд илээр санал хураахад 66 гишүүн бүртгэгдэв. Тэдний 63 нь буюу 95.4 хувь нь Дамдингийн Дэмбэрэлийг УИХ-ын даргаар сонгохыг дэмжлээ. Э.Бат-Үүл, Л.Болд, З.Алтай нар цөөнх болов. Хуралдаан завсарласны дараа экс спикер Д.Лүндээжанцан УИХ-ын даргын тамгыг Д.Дэмбэрэлд гардуулж, амжилт хүслээ. УИХ-ын даргын өрөө Төрийн ордны баруун урд хэсэгт, гуравдугаар давхарт байрладаг. Лүндээжанцан шинэхэн спикерт өрөөг нь суллаж өгснөөр анхдугаар чуулганы өчигдрийн хуралдаан өндөрлөлөө. Энэ долоо хоногт УИХ дахь АН, МАХН-ын бүлэг байгуулагдаж, УИХ-ын дэд даргыг бүлэг тус бүрээс сонгох юм. Мөн Байнгын хороодыг зохион байгуулж, гишүүдийг тэдгээрт хуваарилах асуудлыг хэлэлцэх байх.
Монголын парламентыг ёс зүйтэй байхыг чухал гэж үзнэ
-УИХ-ын анхдугаар чуулган дээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үг-
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!
Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага-Улсын Их Хурлын даргаар намайг сонгосонд манай орны бүх ард түмний төлөөлөл болж сонгогдсон эрхэм гишүүд та бүхэндээ гүнээ талархаж байна.
Миний нэрийг дэвшүүлсэн МАХН-даа талархаж байна. Намынхаа мянга мянган гишүүдэд баярлалаа.
Төрж, өссөн Ховд нутгийн ард олондоо баярлаж байна. Надад өндөр итгэл хүлээлгэж Улсын Их Хурлын гишүүнээр таван удаа сонгосон эрхэм сонгогчиддоо мэхийн хүндэтгэж байна.
УИХ-ын гишүүн та бид ард түмнээсээ өндөр итгэл, найдварыг аваад улс орны өмнө түүхэн хариуцлага хүлээх бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааны гараагаа эхлүүлж байна. Хамгийн энгийнээр хэлэхэд, ардчилсан төр хууль тогтоож, түүнийг хэлбэрэлтгүй сахиж хэрэгжүүлэх замаар улс орныг удирдан авч явдаг жам ёсны тэр ажлыг бид гүйцэтгэх болно. Хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах ажил хамтдаа явагддаг билээ.
Нэр хүндтэй, ухаан зарах энэ үйл ажиллагаа УИХ-ын гишүүн бүрийн хүч чармайлтаас шалтгаалах нь мэдээж. Та бүхний оюун ухаан, дадлага, нэр хүндэд түшиглэн энэхүү хүндтэй үүргийг биелүүлэх боломжтой гэж үзэж байна.
Монголын парламентыг юуны өмнө, ёс зүйтэй байхыг чухал гэж үзнэ. Нийтийн сэтгэлийг сэрдхийлгэсэн улс төрийн үйл явдлууд, өмнөх УИХ-д сонгогч-иргэдээс шүүмжлэлтэй хандаж байсан асуудал, энэ оны VII сарын 1-нд нийслэлд болсон эмх замбараагүй явдалд олон талаас нь үнэлэлт, дүгнэлт өгч болох боловч ёс зүйгүй, дэг журамгүй авирладгаас бүх зүйл улбаатай нь тодорхой байна. УИХ-ын гишүүд, улстөрчид та бид өөрсдийнхөө үйл ажиллагаанд ёс зүйтэй байхаас монгол төрийн цаашдын ажил шалтгаална.
Энэ үүднээс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг нэн даруй батлан гаргахыг чухал гэж үзэж байна. Авилга, сонирхлын алив зөрчил, сонгогч, ард иргэдийн шүүмжлээд байгаа зохисгүй үйлдлээс УИХ-ыг өөрийг нь ангид байлгах нь түүний нэр хүндийг дээшлүүлэх чухал нөхцөл мөн.
УИХ-ын ажил бүхэлдээ мэргэшсэн үйл ажиллагааг явуулдаг Байнгын хороодоос шалтгаална. Байнгын хороодын ажлыг сайжруулж, Үндсэн хууль, бусад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь туслах, ажиллах боломжоор хангахад илүүтэй анхаарах болно.
УИХ Засгийн газрыг сайн хөтөлбөр боловсруулуулж түүний үр дүнгээр, улсын төсвийг чамбай батлаж, гүйцэтгэлээр нь хянах боломжтой бөгөөд УИХ хяналтын энэ механизмыг бүрэн ашиглах хэрэгтэй байна.
Үе үеийн парламентаар ярьсаар ирсэн ажилгүйдэл, ядуурал зэрэг иргэдийн амьдралын бэрхшээлийг гэтлэн давахад бид л бодлого, арга хэрэгслээрээ туслах үүрэгтэй. Хөдөлмөр эрхлэх нөхцлийг нь бүрдүүлэх, иргэдэд нийгмийн баялгийг зөв хуваарилах зэргээр эцсийн дүндээ Монголын ард түмний сайн сайхан амьдралын төлөө бид бололцоотой бүхнийг хийх ёстой.
Өнөөдөр ядуу зүдүү байдал, ажилгүйдэл гэхээсээ илүүтэй нийгэмд шудрага ёсыг тогтоохыг ард иргэд хүсэж байна.
Олон нийт УИХ-ын гишүүдийг ёс зүйтэй байхыг эрхэмлэн, түүнийгээ биелүүлэхийг биднээс шаардаж байна.
Хүмүүс дээд удирдлагыг авилга, хээл хахуулиас ангид, өөрийн ашиг сонирхлыг хэт бөөцийлөхөөс салахыг хүсэж байна.
Монголын нийгэм, УИХ, намуудыг хэт улстөржин ажил хохироож, асуудал шийдэхгүй байгааг ч шүүмжилж байна.
Бид иргэд сонгогчдын хүсэл, эдгээр захиа даалгаврыг юуны түрүүнд хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Та бүхэн сонгуулийн кампанит ажлын явцад энэ бүхнийг сайтар ойлгож мэдсэн байх гэдэгт найдаж байна.
Дөрвөн жил бол тийм ч урт хугацаа биш ээ. Нэг л мэдэхэд бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно. Иймд олдож буй алтан боломжийг ашиглан ард иргэд, сонгогчдын тусын тулд ачтай, тустайг бүтээхийн төлөө Та бүхэн хүчээ бүрэн дүүрэн дайчлан ажиллана гэдэгт итгэж байна.
Зөнөг коммунистоор яах юм
Сэтгэгдэл бичих!